Travel Hub Mongolia
Цастай уулсын өмнө морьтой зогсох бүргэдчин
Баян-Өлгий аймгийн сүлд

Баян-Өлгий аймаг

Талбай
45,705км²
Хүн ам (2020)
108,530
Аймгийн төв
Өлгий
Улаанбаатараас
1,636км
Сумын тоо
13
Дундаж өндөршил
2,500м

Эх сурвалж: ҮСХ (2020 оны тооллого), Wikipedia, touristinfocenter.mn; дундаж өндөршил — Copernicus DEM-ээс тооцоолсон.

Танилцуулга

Аймгийн төв Өлгий хот бөгөөд Улаанбаатар хотоос 1636 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 45.8 мянган хавтгай дөрвөлжин километр. Хүн амын тоо 88056. Малын тоо толгой 2010 оны дүнгээр 1126900. Тус аймаг нь 1940 онд байгуулагдсан. Хүн амын ихэнх нь казакууд бөгөөд Монгол овгийн урианхай, тува ястнууд амьдардаг. Хамгийн баруун захад Монгол Алтайн уулсын бүсэд далайн төвшнөөс дээш 1301-4374 метрийн өндөрт оршино. Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-тай 450 километр, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-тай 225 километр хиллэдэг. Өндөрлөг газар оршдог учраас уур амьсгал ерөнхийдөө сэрүүн байдаг. Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай. Ховд гол нь 506 километр үргэлжилдэг. Толбо, Ачит нуур нь загас агнуурын нөөцтэй.

Баян-Өлгий аймагт төмөр зам, хатуу хучилт бүхий замгүй боловч харилцаа холбоо, агаарын болон автотээвэр сайн хөгжсөн. Ерөнхийдөө байгалийн баялаг сайн судлагдаагүй боловч алтны ордууд илэрсэн. 1990 оноос хойш нийгмийн амьдралд гүнзгий өөрчлөлт гарч шашин шүтлэг нь сэргэж, лалын сүм байгуулагдан зарим зан үйлүүд нь дахин бий болсон. Казакстан улсад хөдөлмөрийн гэрээгээр хүмүүс олноор гарч эхэлсэн бөгөөд энэ жилүүдэд Казакстанд Монгол улсаас нийт 60000 хүн шилжин суурьшсан. Казакийн түүх нь 130 жилээр хэмжигдэх бөгөөд анх 1875 оны үеэр Хятад улсын Алтайн Шинжаан нутгаас 20 гаруй айл нүүж ирсэн түүхтэй.

Бүргэдээр ан хийх ёс нь 250 гаруй жил үргэлжилж ирсэн уламжлалтай юм. Баян-Өлгий аймгийн долоон гайхамшигаар Ёлтын сав газар, Алтай таван богдын байгалийн цогцолбор газар, Потанины мөсөн гол, Бага ойгор-Цагаан салаагийн хадны сүг зураг, Бага түргэний хүрхрээ, Толбо нуур, Ачит нуур гэсэн газрууд тодорчээ.

Аялахад анхаарах зүйлс

Аялалд гарахаас өмнө цаг агаарын нөхцөл байдал, зам харгуй болон шатахуун түгээх станцын байршлыг урьдчилан судлахыг зөвлөж байна. Мөн орон нутгийн байгаль хамгаалагчидтай холбогдон тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмтэй танилцаарай.