Travel Hub Mongolia
Ногоон тал нутагт морь унаж, хонь хариулж буй монгол хүү
Сүхбаатар аймгийн сүлд

Сүхбаатар аймаг

Талбай
82,287км²
Хүн ам (2020)
63,182
Аймгийн төв
Баруун-Урт
Улаанбаатараас
560км
Сумын тоо
13
Дундаж өндөршил
1,080м

Эх сурвалж: ҮСХ (2020 оны тооллого), Wikipedia, touristinfocenter.mn; дундаж өндөршил — Copernicus DEM-ээс тооцоолсон.

Танилцуулга

Аймгийн төв Баруун-Урт хот нь Улаанбаатар хотоос 560 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 82.3 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 51334, малын тоо толгой 1979800. Тус аймаг нь урд талаараа БНХАУ-тай 485 километр, баруун талаараа Дорноговь аймагтай 165 километр, хойт талаараа Хэнтий аймагтай, зүүн хойт талаараа Дорнод аймагтай тус тус хиллэдэг. Аймгийн нутаг Дорнод Монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн төвшнөөс дээш 1000-1200 метр өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 1778 метрт өргөгдсөн Шилийн богд уул.

Сүхбаатар нь ус зүйн мужлалаар ус багатай бүсэд багтах бөгөөд гадаргийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 20 гаруй жижиг нуур, 200-гаад булаг шанд, гол горхи байдаг. Талбулаг, Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай булаг, Гашуун, Цавчир, Өвдөг, Модонгийн худаг, Цагаан булаг зэрэг рашаан ус олонтой. Байгалийн сонин тогтоц бүхий газар нутаг элбэгтэй.

Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон, Дарьганга суманд 127-248 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт улсын дархан цаазат Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуй, Лог, Будар, Зараа, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл бүхий Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн тал гэх мэт байгаль түүхийн дурсгалт газрууд бий. Ховор нандин өвс ургамал бүхий байгалийн гоёмсог баян бүрдээс гадна цагаан зээр давхилдсан их талын орон билээ.

Аялахад анхаарах зүйлс

Аялалд гарахаас өмнө цаг агаарын нөхцөл байдал, зам харгуй болон шатахуун түгээх станцын байршлыг урьдчилан судлахыг зөвлөж байна. Мөн орон нутгийн байгаль хамгаалагчидтай холбогдон тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмтэй танилцаарай.