
Дархан-Уул аймаг
- Талбай
- 3,275км²
- Хүн ам (2020)
- 107,018
- Аймгийн төв
- Дархан
- Сумын тоо
- 4
- Дундаж өндөршил
- 950м
Эх сурвалж: ҮСХ (2020 оны тооллого), Wikipedia, touristinfocenter.mn; дундаж өндөршил — Copernicus DEM-ээс тооцоолсон.
Танилцуулга
Дархан-Уул аймаг нь хуучнаар Дархан хотын нутаг дэвсгэр дээр 1994 онд байгуулагдсан. Нийслэл Улаанбаатарын дараа орох хоёрдох том хот бөгөөд 223 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 327.5 мянган га. 2010 оны байдлаар хүн амын тоо 94625, малын тоо толгой 249800. Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум, 24 багтай.
Дархан хотын анхны суурийн чулууг “Бурхантын хөндий”-д 1961 онд тавьсан бөгөөд хуучин социалист орнууд болох ЗХУ, Болгар, Чех, БНАГУ зэрэг улсуудын техник, эдийн засгийн тусламжтайгаар барьж байгуулсан. Дархан хот нь Орхон, Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 700 метрийн өндөрт байрладаг.
УИХ-ын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан. Сэлэнгэ, Төв аймгийн сумуудтай хил залгаа оршдог. Тус аймаг нь зам, тээвэр, харилцаа холбоо, цахилгаан, дулааны эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарууд сайн хөгжсөн үйлдвэрлэл, соёл боловсрол, шинжлэх ухааны томоохон төв учраас гадаад орнуудын муж, хот, компани, хувь хүмүүстэй харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллах хамгийн таатай нөхцөл бүрдсэн аймаг юм.
Дархан хот нь байгалийн баялагтаа түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, Цемент, Силикат, Байшин үйлдвэрлэх комбинат, Архины үйлдвэр, Керамзит, Эрдэс хөвөн, Төмөр бетоны үйлдвэр, Хүнсний үйлдвэр, Нэхий эдлэлийн үйлдвэр, Мах комбинат, Хар төмөрлөгийн үйлдвэр зэрэг олон үйлдвэрүүдтэй. Барилгын материал болон нүүрс, алт, төмрийн хүдрийн арвин их нөөцтэй аймаг юм. Монголын газар тариалангийн төв бүсэд оршдог учраас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүнд газар тариалан голлодог.
Дархан-Уул аймгийн 7 гайхамшигаар Тахилгат их Дархан уул, Дурлалын мод, Шарын голын зосон зураг, Буурал уулын булш, Дүрс нарс, Лам Дондовын рашаан, Хүйтний голын хадны бичээс зэрэг газрууд тодорчээ.
Аялахад анхаарах зүйлс
Аялалд гарахаас өмнө цаг агаарын нөхцөл байдал, зам харгуй болон шатахуун түгээх станцын байршлыг урьдчилан судлахыг зөвлөж байна. Мөн орон нутгийн байгаль хамгаалагчидтай холбогдон тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмтэй танилцаарай.

