Travel Hub Mongolia
Цасан оргилтой уулын бэлд бэлчиж буй цагаан морь, хол гэрүүд
Завхан аймгийн сүлд

Завхан аймаг

Талбай
82,456км²
Хүн ам (2020)
72,823
Аймгийн төв
Улиастай
Улаанбаатараас
984км
Сумын тоо
24
Дундаж өндөршил
1,960м

Эх сурвалж: ҮСХ (2020 оны тооллого), Wikipedia, touristinfocenter.mn; дундаж өндөршил — Copernicus DEM-ээс тооцоолсон.

Танилцуулга

Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг. Нутаг дэвсгэрийн хэмжээ 82.5 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 65481, малын тоо толгой 1717700. Завхан аймаг нь 24 сум 113 багтай. 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. Улаанбаатар хотоос 984 километр зайтай оршдог. Тус аймагт байгалийн бүх бүслүүр оршдог.

Отгонтэнгэр, Улаанхаалга, Баянзүрх, Зарт, Хожуул, Улаан эрэг зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад хадны сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөө дурсгалууд, XYIII зууны үеийн цэргийн цайз, худалдаа, наймааны хот, хүрээ, хийд дуган сүмийн туурь, газар тариалангийн ул мөр бүхий 100 шахам түүх дурсгалын өв улс болон аймаг сумын хамгаалалтанд байна. Аймгийн тєв Улиастай хот нь зүүн талдаа хангайн нурууны гол оргил Отгонтэнгэр (4021метр), түүний салбар Тарвагатай, Хуримт, Түдэвтэй, Гурван Халтар, Гялгар, Булнайн нуруу, хойд хилийн дагуу Тагнын нурууны салбар уулс бүхий уулархаг нутагтай бөгөөд баруун хэсэг нь гүвээ толгод, гол хөндий зонхилсон хээр тал юм. Уулсын хооронд Идэр, Завхан, Тэс, Богдын гол, Хүнгийн голын өргөн хөндийтэй. Баруун, баруун урд хэсэгт Монгол элс, Борхярын элсэн манханууд 100-200 километр үргэлжилдэг.

Тус аймаг нь говь хангай хосолсон нутаг дэвсгэртэй ба Завхан, Идэр, Тэс, Мухар, Хүнгий зэрэг 189 гол горхи, Тэлмэн, Бүст, Бадархундага, Ойгон, Холбоо, Хөх нуур зэрэг 91 нуур, төрөл бүрийн халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай. Баянзүрх, Зарт, Цэцүүх, Отгонтэнгэр, Даян зэрэг амралт сувиллын газруудтай. Төмрийн хүдэр, цагаан тугалга, алт, зэс, алмаз, молебдений хүдэр, үнэт чулуу, хайлуур жонш, фосфорид, химийн болон барилгын түүхий эдийн баялагтай. Майхан уулын ам, Донойн хөндийд олон улсын чанартай нисэх онгоцны буудалтай.

Аялахад анхаарах зүйлс

Аялалд гарахаас өмнө цаг агаарын нөхцөл байдал, зам харгуй болон шатахуун түгээх станцын байршлыг урьдчилан судлахыг зөвлөж байна. Мөн орон нутгийн байгаль хамгаалагчидтай холбогдон тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмтэй танилцаарай.