
Төвшрүүлэх сум
Архангай аймаг
Танилцуулга
Төвшрүүлэх сум нь Хангайн бүсийн байгалийн үзэсгэлэн, газар тариалан болон мал аж ахуйн баялаг уламжлал хосолсон түүхт нутаг юм.
1. Түүхэн товчоо
Үүсэл, суурьшил: Хуучнаар Зая бандида хутагтын шавь, Сүжигт бэйсийн хошууны нутаг.1938 онд Хотонт, Цэнхэр сумдаас тасарч, Ар хүйтний Хүйтэн нуурын чанх хойно орших "Хонх тал"-д хадлангийн морин станцын суурин (20 гаруй морин хадуур, тармуур, өвс боогчтой) байгуулагдсанаар суурь нь тавигджээ.
Сэргээн байгуулалт ба Сангийн аж ахуй:1941 онд сумыг татан буулгаж зэргэлдээ сумдад нэгтгэсэн ч 1954 онд “Төвшрүүлэх сум - сангийн аж ахуй” нэртэйгээр дахин байгуулагдсан.
Улсын гавьяа: Социализмын он жилүүдэд дотоодын гурил, малын тэжээл үйлдвэрлэлээр тэргүүлж, хөдөлмөрийн бүтээмжээрээ БНМАУ-ын Засгийн газрын “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдаж байв.
2. Газар зүй ба Байршил
Байршил:Улаанбаатар хотоос 464 км, Архангай аймгийн төв Эрдэнэбулган хотоос зүүн урагш 44–45 км зайд оршдог.
Хил залгаа сумд: Хотонт, Батцэнгэл, Цэнхэр, Өгийнуур.
Газар нутгийн хэмжээ:Нийт 1,189.6 км² (үүний 14 орчим хувийг ой мод, усны сан эзэлдэг).
Гадаргын тогтоц:Далайн түвшнээс дээш дунджаар 1,900 метрт орших ойт хээрийн бүс.Өмнөд хэсгээрээ Гурван хэц, Тэлээ, Их арын Дугнал зэрэг Хангайн нурууны хөвч ойн салбар уулстай.Бусад хэсэг нь уудам хөндий, гүвээ толгод бүхий тал хээрээс тогтдог.
3. Засаг захиргаа, Хүн ам ба Нийгэм
Сумын төв:Таванбулаг (Сөртийн, Өртөнтийн, Гялаан түрүүний, Асга түрүүний, Бор шадны булаг хэмээх мөнх харзлан урсдаг 5 булгийн нэрээр нэрлэгдсэн).
Засаг захиргааны нэгж:Албан ёсны 4 багтай:
Баян-Өндөр баг
Өртөнт баг
Урантолгой баг
Хөх сүм баг
Хүн ам: 2,703 хүн (2025 оны байдлаар, ҮСХ)
4. Эдийн засаг ба Аж ахуй
Малын тоо толгой: 146,489 толгой (адуу 17,748, үхэр 18,450, тэмээ 0, хонь 54,970, ямаа 55,321; 2025 оны тооллогоор, ҮСХ)
Газар тариалан, хадлан:
Тариалангийн бүс: Хаалга, Хангай, Тоглох зэрэг сумын зүүн хэсгээр голчлон төвлөрдөг.
Хадлангийн бүс: Хөх сүм, Ар хүйтэн зэрэг баруун бүсээр байрладаг.
Аж ахуйн нэгжүүд:Зах зээлийн шилжилтийн үед сангийн аж ахуйн суурин дээр тариалан, мал аж ахуйн чиглэлээр “Хэцийн цуурай”, “Бага хангай”, “Жинс”, “Алтан салаа” зэрэг компани, нөхөрлөлүүд байгуулагдан ажиллаж ирсэн.
5. Байгалийн нөөц, ургамал, амьтан
Эрдэс баялаг:Гянтболд (вольфрам), төмрийн хүдэр, барилгын материалын түүхий эдийн илэрц, нөөцтэй.
Ургамал, ой:Шинэс (хар мод), хус, улиас, монос, хайлаас бүхий хөвч ойтой. Аньс, улаалзгана, мойл, самар, үхрийн нүд, тошлой, нохойн хошуу зэрэг зэрлэг жимс, арц, даль бамбай, тарваган шийр зэрэг эмийн болон ашигт ургамлаар нэн баялаг.
Ус, рашаан:Сөрт, Өртөнт тэргүүтэй булаг шанд, Хонхор нуур зэрэг усны шувууд чуулсан нуурууд, мөн Бор бургас, Модон худаг зэрэг ардын эмчилгээний рашаан ус элбэгтэй.

