Эрдэнэбулган сум
Архангай аймаг
Танилцуулга
Эрдэнэбулган сум (Цэцэрлэг хот) нь эртний түүхт Заяын хүрээний буурь, дархан цаазат сүрлэг Булган уулын өвөрт орших Хангайн бүсийн ууган хот суурин юм.
1. Түүхэн товчоо ба Өв соёл
Үүсэл суурьшил (1586 он): "Итгэл шаштир" судрын 9 дүгээр дэвтэрт тэмдэглэснээр, 1586 онд Булган уулын өвөр "Чонотын хөндий"-д анхны дуганыг босгож, шавыг тавьжээ.
Өргөжин хөгжсөн нь (1631–1679 он):
1631 онд Автай сайн ханы дүү Түмэнхэн Хөндлөн Сайн ноёны хүү Бэгтэсжав буюу I Зая бандида Данзан лам томоохон сүм, дугануудыг өргөтгөн бариулсан.
1679 онд Цаст Түвдийн орноос нутагтаа залагдан ирсэн II Зая гэгээн Лувсанпэрэнлэй дөрвөн их дацан байгуулснаар “Заяын хүрээ” нь 2,500 гаруй хувраг шавилан суусан Халхын шашин, соёлын томоохон төв болон бэхжжээ.
Засаг захиргааны хувьсал:
1922 онд Сайн ноён хан аймгийн чуулган даргын захиргаа шилжин ирж, Заяын шавийг Эрдэнэбулган уулын хошуу болгон Цэцэрлэгмандал аймгийн төвөөр товложээ.
1923–1924 онд ойролцоох Бумбат, Бүхт сумыг нэгтгэн Булган сумыг байгуулж, төвийг Заяын хүрээнд төвлөрүүлсэн.
1952 онд Булган сумын 7, 10, 11, 12 дугаар багийг салган аймгийн хороо, захиргааг байгуулж, 1961 онд Цэцэрлэг хот, 1992 оны Үндсэн хуулийн шинэчлэлээр Эрдэнэбулган сум болгон өөрчлөн зохион байгуулжээ.
2. Газар зүй ба Байгаль цаг уур
Байршил: Нийслэл Улаанбаатар хотоос баруун тийш 480 км зайд, хангайн ойт хээрийн бүсэд оршино.
Байгалийн тогтоц: Урд ба Хойд Тамир голын завсар, далайн түвшнээс дээш дунджаар 1,695 метрийн өндөрт, байгалийн үзэсгэлэн төгс дархан цаазат Булган уулын өвөрт дүнхийн байрладаг.
Хил залгаа сумд: Өөрийн аймгийн Булган, Ихтамир, Батцэнгэл, Цэнхэр сумтай хиллэдэг.
Уур амьсгал: Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Зундаа +38°C хүртэл халж, өвөлдөө -47°C хүртэл хүйтэрдэг бөгөөд жилийн дундаж хур тунадас 385 мм орчим байдаг.
3. Засаг захиргаа, Хүн ам ба Нийгэм
Хот байгуулалт: Эрдэнэбулган сум нь Цэцэрлэг хотын бүтэцтэй, хотын 1-ээс 7 дугаар багуудад хуваагддаг төвлөрсөн суурин юм.
Хүн ам: 21,399 хүн (2025 оны байдлаар, ҮСХ)
Дэд бүтэц: Улаанбаатар хот болон баруун аймгуудтай хатуу хучилттай засмал замаар бүрэн холбогдсон, төвийн эрчим хүч, шилэн кабель, дулааны нэгдсэн системтэй.
4. Эдийн засаг ба Байгалийн нөөц
Үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл: Худалдаа, үйлчилгээ, барилга, боловсрол, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл голлодог.
Малын тоо толгой: 188,919 толгой (адуу 25,452, үхэр 39,302, тэмээ 3, хонь 75,673, ямаа 48,489; 2025 оны тооллогоор, ҮСХ)
Ус, рашаан сувилал: Хойд, Урд Тамирын сав газрын 10 гаруй гол горхи бүхий уст сүлжээтэйгээс гадна нутгийн олны шүтэн биширч сувилуулдаг Хүрээ нутаг, Ганц мод, Жамган, Шивэрт зэрэг байгалийн рашаан устай.
5. Түүх, соёл ба Аялал жуулчлал
Заяын хүрээний цогцолбор (Аймгийн музей): Төвөд, Монгол, Хятад уран барилгын хийцийг хослуулсан Заяын хүрээний түүхт сүм дуганууд өдгөө Архангай аймгийн Угсаатны зүйн музей болон хадгалагдаж, түүх соёлын хосгүй үнэт дурсгалуудыг дэлгэн үзүүлдэг.
Булган уул: Төрийн тахилгат, дархан цаазат уул бөгөөд хаданд нь сийлсэн Майдар бурхан болон Төвөд бичээсүүд бүхий сүсэг бишрэл, байгалийн үзэсгэлэн хосолсон жуулчдын гол очдог газар юм.
Аяллын зангилаа: Хорго-Тэрхийн цагаан нуур, Тайхар чулуу, Цэнхэрийн халуун рашаан, Орхоны хөндий рүү чиглэх аяллын бүх маршрут Цэцэрлэг хотоор дамжин өнгөрдөг.

