Travel Hub Mongolia
Сүхбаатарын талбай

Сүхбаатарын талбай

Сүхбаатарын талбай бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай юм. 1921 онд Ардын журамт цэрэг Хиагтаас Их хүрээнд орж ирж, Ардын хувьсгалын ялалтыг тунхагласан түүхэн газар. Талбайн голд жанжин Д.Сүхбаатарын морьт хөшөө бий.

Жанжин Д.Сүхбаатарын талбай ба хөшөө — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Сүхбаатарын талбай: товч мэдээлэл

  • Байршил: Улаанбаатар хотын төв.

  • Анхны нэр: 1921 онд «Индрийн талбай».

  • Сүхбаатарын нэр: 1923 оноос.

  • Морьт хөшөө: 1946 он, уран барималч С.Чоймбол. 2011 онд хүрлээр шинэчилсэн.

  • Хөшөөний өндөр: 4 м, суурийн хамт 12 м.

  • Нэрийн өөрчлөлт: 2013 оны 11-р сараас Чингис хааны талбай, 2016 оны 9-р сараас дахин Сүхбаатарын талбай.

Талбайн нэр хэрхэн өөрчлөгдөж ирсэн бэ?

1921 онд талбайг «Индрийн талбай» гэж нэрлэдэг байжээ. 1923 онд Монголын ардын хувьсгалын удирдагчдын нэг, цэргийн жанжин Д.Сүхбаатар нас барсны дараа түүний гавьяаг мөнхжүүлэхээр талбайг түүний нэрээр нэрлэжээ. 2013 оны 11-р сараас талбайг «Хоёр дахь мянганы суут хүн», Их Монгол улсыг үндэслэгч Чингис хааны нэрээр нэрлэсэн. Харин 2016 оны 9-р сард хуучин нэрийг нь сэргээжээ.

Сүхбаатарын морьт хөшөө ямар вэ?

Морьт хөшөөг уран барималч С.Чоймболын зураг төслөөр бүтээж, Ардын хувьсгалын 25 жилийн ойн өмнө, 1946 оны 7-р сарын 8-нд ёслол төгөлдөр нээжээ. Нээлтэд Ерөнхий сайд Х.Чойбалсан, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, Төв Хорооны нарийн бичгийн дарга Б.Ширэндэв, жанжны гэргий Янжмаа болон бусад албаны хүмүүс оролцжээ. Энэ үеэр талбайг цардаж засжээ.

  • Дүрслэл. Жанжин морин дээрээсээ өндийж, наран мандах зүг рүү гараа өргөн ард олонд хандан үг хэлж буй байдалтай.

  • Хэмжээ. Хөшөө 4 м өндөр, суурийн хамт 12 м.

  • Арслан. Хөшөөг тойруулан 14 арслангийн баримлыг 208 төмөр гинжээр холбосон нь «Монгол орон бол халдашгүй дархан бат» гэсэн санааг илэрхийлдэг.

  • Шинэчлэл. 2011 оны 3-р сарын 1-нд хөшөөг хүрлээр шинэчилж, тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд нээжээ.

Үндэсний баяр ёслолын үеэр төр, засгийн удирдагчид хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг.

Жанжин Д.Сүхбаатарын талбай ба хөшөө — зураг 2
Зураг: touristinfocenter.mn

Хөшөөний суурин дээр юу бичсэн бэ?

Хөшөөний суурийн нүүрэн талд босоо монгол бичгээр дараах үгийг товойлгон бичжээ: «Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ» Энэ бол жанжин Д.Сүхбаатар 7-р сарын 11-нд Ардын хувьсгалыг тунхаглахдаа ард олонд хандан хэлсэн үг бөгөөд өнөөг хүртэл монгол хүний сэтгэлд «үгэн цамхаг» болон үлджээ.

Хөшөөний суурийн тухай ямар домог бий вэ?

Ам дамжсан яриагаар 1921 оны 7-р сарын 8-нд Ардын журамт цэрэг Хүрээнд орж ирэхэд оршин суугчид цай, тавгийн идээ барин ёслол төгөлдөр угтжээ. Жанжин Д.Сүхбаатар цэргүүдийнхээ хамт одоогийн төв талбайд ирэхэд жанжны морь шээсэн гэдэг. Тэр газарт «ясан толгой» хочтой Гаваа хэмээх цэрэг дэлэм орчим урт гадас авчирч зоожээ. Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор хөшөө босгох ажил эхлэхэд маршал Х.Чойбалсан цэргүүдээр тэр гадасны газрыг эрүүлж олжээ. Яг тэр газрыг ухаж хөшөөний суурь болгож, ёроолд нь нэгэн хайрцаг хийсэн гэдэг. Хайрцагт 50 лангийн ембүү, Бөмбөгөр ногоон театрт тоглогдсон нэгэн жүжгийн баатрын өмсгөл, жанжны гэргий С.Янжмаагийн нулимс шингэсэн цагаан алчуур байжээ. Хөшөөний шав тавих үед С.Янжмаа дурсамждаа автан нулимс унагахад маршал Чойбалсан түүнд цагаан алчуур өгсөн нь тэр байжээ.

Түгээмэл асуулт

Сүхбаатарын талбайг хэзээ нэрлэсэн бэ?

1923 онд жанжин Д.Сүхбаатар нас барсны дараа түүний нэрээр нэрлэсэн. Өмнө нь «Индрийн талбай» гэдэг байв.

Сүхбаатарын хөшөөг хэн, хэзээ бүтээсэн бэ?

Уран барималч С.Чоймболын зураг төслөөр бүтээж, 1946 оны 7-р сарын 8-нд нээсэн. 2011 онд хүрлээр шинэчилсэн.

Хөшөөг тойрсон арслангууд юуг бэлгэддэг вэ?

208 төмөр гинжээр холбосон 14 арслан «Монгол орон бол халдашгүй дархан бат» гэсэн санааг илэрхийлдэг.

Товч мэдээлэл

Харьяалах аймаг
Улаанбаатар

Бусад газрууд