Travel Hub Mongolia
Цасан оргилтой уулын бэлд бэлчиж буй цагаан морь, хол гэрүүд
Монголыг нээ

Монголын тухай

Мөнх хөх тэнгэрийн орон, нүүдэлчдийн өлгий нутгийн газарзүй, түүх, өнөөгийн амьдралын тухай товч танилцуулга.

Хүннү ба эртний төрт улсууд

Түрэгийн эзэнт гүрэн

Түрэгийн эзэнт гүрэн — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

1. Анхны хаант улс ба тархай бутрал (552–630 он)

НТ VI зууны үед Алтайн нуруу, Эрчис мөрний сав газраар нутаглан Жужан (Нирун) улсад төмөр хайлуулан алба өргөдөг байсан Ашина овгийн Түрэг угсаатнууд түүхийн тавцанд гарч иржээ. 552 онд Буман өөрийгөө “Эл хаан” хэмээн өргөмжилж, Нируныг буулган авснаар Төв Азийн тал нутагт анхны Түрэгийн хаант улсыг үүсгэн байгуулав. Түүний дүү Истэми баруун зүгт цэрэглэн, Согд, Цагаан Хүннү (Эфталит)-г эрхшээлдээ оруулж, эзэнт гүрнээ Каспийн тэнгис хүртэл тэлсэн байна.

580-аад оны сүүлээр дотоод эрх мэдлийн тэмцлийн улмаас Түрэг гүрэн Дорнод Түрэг (Монголын өндөрлөгт төвлөрсөн) болон Өрнөд Түрэг (Төв Азид төвлөрсөн) болон хуваагджээ. Нийгмийн бүтцийн хувьд язгууртан эрх баригчдыг "Хөх Түрэг" (Kök Türk), харин татвар төлөгч жирийн малчин ардуудыг "Кара будун" (хар иргэд) гэж нэрлэдэг байв.

Хятадад Сүй улс (581–618) мөхөж, түүний суурин дээр Тан улс (618–907) гарч ирэх иргэний дайны хямралд Түрэгийн хаад идэвхтэй нөлөөлж байсан боловч Тан гүрэн хүчирхэгжихийн хэрээр байдал эсрэгээрээ эргэжээ. 630 онд байгалийн гамшиг (зуд), дотоод хагаралдаанд нэрвэгдсэн Дорнод Түрэгийн Иллиг хааныг Тан улсын 100 мянган цэрэг гэнэдүүлэн цохиж, улмаар Дорнод Түрэг 50 орчим жил Тан гүрний хараат захиргаанд орсон юм.

2. Хоёрдугаар Түрэгийн хаант улс буюу Сэргэлтийн үе (682–744 он)

50 гаруй жилийн дарлалын эцэст 682 онд Кутулуг сурвалжит түшмэл, цэргийн жанжин Тоньюкуктай хамтран Тан улсын эсрэг бослого гарган ялж, хаант улсаа сэргээв. Кутулугийг "төрийг дахин хураагч" хэмээн өргөмжилж Элтэрэс хаан цол өгчээ.

  • Хапаган (Капаган) хаан (693–716): Элтэрэсийн дүү хаан ширээнд сууж, тал нутгийн олон аймгийг эргүүлэн хурааж, Тан улсын гүнд цөмрөн хэд хэдэн довтолгоо хийсэн байна. Тэрээр эдийн засгийн хувьд нанхиадаас тарианы үр, хөдөө аж ахуйн хэрэгсэл авч суурьшил, тариаланг дэмжсэн боловч дарангуйлал, хатуу бодлогоос нь болж Байргу аймгийн босогчдод отолтонд орж амиа алджээ.

  • Билгэ хаан (716–734) ба Күлтегин жанжин: Элтэрэсийн хөвгүүд болох төрийн мэргэн жанжин Күлтегин, Билгэ хаан болон ахмад зөвлөх Тоньюкук нар төрийг удирдан эв эеийг сэргээж, Тан улстай 720-иод оны дундуур энхийн гэрээ байгуулан худалдааг өргөжүүлсэн нь улсаа эдийн засаг, соёлын өндөр оргилд хүргэсэн юм.

Гэвч Билгэ хааныг хорлогдон нас барсны дараа төрийн зөрчил гүнзгийрч, тэдний харьяанд байсан Басмал, Карлук, Уйгур аймгуудын нэгдсэн хүчинд цохигдон 744–745 онд Түрэгийн төр эцэс болж, Уйгурын хаант улс байгуулагдсан билээ.

3. Аж ахуй, соёл, бичиг үсэг ба археологи

Түрэгүүд мал аж ахуй, гар урлалаас гадна төмрийн дархлал, уран барилга, чулуун сийлбэрийг дээд зэргээр хөгжүүлжээ.

  • Орхон-Енисейн руни бичиг: Төв Азийн нүүдэлчдийн түүхэнд анх удаа өөрсдийн бичгээр түүх, төр улсын үзэл санаа, сэрэмжлүүлгийг мөнхөлсөн дурсгалуудыг үлдээсэн юм. 1889 онд Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев Орхоны хөндийгөөс Хөшөө цайдамын дурсгалыг илрүүлж, 1893 онд Данийн хэл шинжээч В.Томсен анх "Тэнгэр", "Түрэг" гэдэг үгсийг тайлснаар бичээсийн нууц тайлагдсан. Энэхүү эртний бичигт хөшөөнүүд дээр өвөг дээдсээ хэрхэн хайрлах, нанхиадын торго, элэгсэг үгэнд хуурталгүй тусгаар тогтнолоо хадгалахыг хатуу сургамжилсан байдаг.

  • Оршуулга ба тахилын зан үйл: Түрэгчүүд эхэн үедээ шарилыг чандарлан, морь эдлэлтэй нь бунхалж байсан бол сүүл үедээ уламжлалт бунхант оршуулгыг хийдэг болжээ. Тахилын цогцолборт тухайн дайчны алсан дайсны тоогоор "Балбал" (чулуун багана) жагсаан босгож, хүн чулуу тавин мөнхөлдөг заншилтай байв.

  • Түүхэн томоохон олдворууд:

    • Архангай аймгийн Хашаат суман дахь Күлтегин жанжин (731 он), Билгэ хааны (734 он) цогцолбор;

    • Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Мэргэн Тоньюкукын хөшөө (720-иод он);

    • Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Майхан уулын бунхан (өнгөт ханын зурагтай язгууртны бунхан);

    • Билгэ хааны тахилын онгоноос олдсон цэвэр алтан уран хийцтэй титэм, мөнгөн эдлэлүүд нь Монголын үндэсний музейн сан хөмрөгийн сод үзмэр болж байна.

← Монголын түүх рүү буцах