Travel Hub Mongolia
Цасан оргилтой уулын бэлд бэлчиж буй цагаан морь, хол гэрүүд
Монголыг нээ

Монголын тухай

Мөнх хөх тэнгэрийн орон, нүүдэлчдийн өлгий нутгийн газарзүй, түүх, өнөөгийн амьдралын тухай товч танилцуулга.

Орчин үеийн Монгол Улс

Монгол Улсын төрийн бэлгэдэл

1. Төрийн далбаа

Монгол Улсын Төрийн далбаа нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын нэгэн гол бэлгэдэл мөн:

  • Бүтэц, өнгө: Төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон гурван тэнцүү босоо зурвасаас бүрдэнэ. Далбааны нийт уртын гурав хуваасны нэгийн хэмжээтэй дунд талын зурвас нь эгнэгт оршихын бэлгэдэл мөнх хөх тэнгэрийн цэнхэр (гүн хөх), түүний хоёр талын зурвас нь түмэн олноороо цог хийморьтой мандан бадрахын бэлгэдэл гал улаан өнгөтэй байна.

  • Соёмбо: Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв дунд Монгол үндэстний эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгаа болсон Алтан соёмбо-ыг шараар товойлгон байрлуулна.

  • Харьцаа: Далбааны өргөн, урт нь 1:2 харьцаатай байна.

2. Төрийн сүлд

1992 оны Үндсэн хуулиар батлагдсан Төрийн сүлд нь монгол түмний түүхэн уламжлал, хүсэл мөрөөдөл, тусгаар тогтнолыг төгс агуулсан цогц бүтээл юм:

  • Суурь ба Дүрс: Ариун цагаан өнгийн бадамлянхуа цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн батжих эв нэгдлийн бэлгэдэл түмэн насан хээгээр хөвөөлсөн дугариг хөх дэвсгэртэй.

  • Төв хэсэг: Сүлдний төвд эх орны бүрэн эрхт байдал, сүр хүчийг илтгэсэн Алтан соёмбо болон эртнээс нүүдэлчдийн сүлд шүтээн болсон цог хийморийн бэлгэдэл Эрдэнийн хүлэг (Хийморийн морь)-ийг жигүүртэйгээр хослуулан дүрсэлсэн байдаг.

  • Дээд ба Доод хэсэг: Оройн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй цагт сайн сайхан бүхэн биелэхийг бэлгэдсэн Чандмань эрдэнэ, доод хэсэгт эх байгаль, газар шороог төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, үүрдийн дэвжин дэлгэрэхийн бэлгэдэл болсон хүрд-ийг байрлуулан, түүнийг хадгаар хүндэтгэн сүлжсэн байна.

3. Алтан Соёмбын бэлгэдэл

1686 онд Анхдугаар Богд Занабазар самгарди, төвөд, монгол хэлний дуудлагыг тэмдэглэх зорилгоор Энэтхэгийн Ланз, Нагари үсэгт тулгуурлан 90 үсэг бүхий "Соёмбо" (Санскритээр: Сваямбхүү буюу "Өөрөө тодорсон гэгээн") үсгийг зохиожээ. Түүний толгой дэвсгэр үсэг нь өнөөгийн төрийн бэлгэдэл Соёмбо юм:

  1. Гал: Дөл нь гурван үзүүртэй байх ба өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт айл гэр, улс гүрэн үүрд өөдлөн бадрахын утгатай.

  2. Нар, Сар: Мөнх тэнгэрийн гэрэл гэгээ, эгнэгт мөнхөд батжин тогтнохыг бэлгэднэ. Гал, нар, сар гурав нийлээд Монгол Улс үүрдийн үүрд бадран мандахын цогц утгыг илэрхийлдэг.

  3. Хоёр гурвалжин: Хурц жад сумны зэв хэлбэртэй бөгөөд үзүүрийг доош харуулсан нь улс орны тусгаар тогтнолд заналхийлсэн аливаа дотоод, гадаадын хар санаатан, дайсныг хурцаар дарж нухчин дарахыг бэлгэднэ.

  4. Хэвтээ хоёр тэгш өнцөгт: Төрийн дээд, доод хууль цааз шударга, шулуун бөгөөд төвшин бат бэх байхын бэлгэдэл.

  5. Арга билгийн хос загас (Дугариг дүрс): Загас хэзээ ч нүдээ аньдаггүй тул сонор соргог байх, мөн арга билэг хослон улс үндэстэн өнөр өтгөн өсөн үржиж, эв эетэй байхын утга.

  6. Хоёр босоо шугам: Түмэн олноороо нэгэн сэтгэлээр нэгдвэл төмөр хэрэмнээс ч бат цайз болон эх орноо батлан хамгаална гэсэн сургаал юм.

4. Төрийн дуулал

Монгол Улсын Төрийн дууллын хөгжмийг Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар зохиож, үгийг нэрт эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэн бичжээ. 2006 онд УИХ-аас баталсан өнөөгийн хүчин төгөлдөр албан ёсны үг:

I бадаг:

Дархан манай тусгаар улс

Даяар Монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн үйлс

Дандаа энхжин үүрд мөнхөжнө.

Дахилт:

Хатан зориг бүхий л чадлаараа

Хайртай Монгол орноо мандуулъя!

II бадаг:

Эртний сүлдт хангай дэлхийгээ

Энхжин тогтнон жаргалыг эдэлж

Эрх чөлөөт Монголын үрс

Эх орноо мандуулан бадруулъя.

Дахилт:

Хатан зориг бүхий л чадлаараа

Хайртай Монгол орноо мандуулъя!

5. Төрийн туг, сүлдний уламжлал

  • Төрийн есөн хөлт цагаан туг: Энх амгалан, төрт ёсны сүр хүчийг бэлгэдэн эх орны өнцөг булан бүрээс шилж сонгосон 1000 цагаан азарганы дэл, сүүлээр урладаг. Төв дундах Их цагаан сүлд болон түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрдэх бөгөөд өдгөө Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд байнга заларч, Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр залдаг.

  • Монгол цэргийн хар сүлд: Эх орноо хамгаалах дайчин зориг, эрэлхэг сүр хүчний бэлгэдэл бөгөөд догшин азарганы хар бараан хялгасаар хийж оройд нь ган зэв суулгасан байдаг. Энэхүү цэргийн их хар сүлдийг Батлан хамгаалах яаманд хүндэтгэлтэйгээр хадгалж, 13 жилд нэг удаа Төрийн цэргийн тайлга ёслолыг үйлдэн цэнгүүлдэг эртний төрт ёсны уламжлалтай билээ.

← Монголын түүх рүү буцах