Travel Hub Mongolia
Цагаан-Овоо сум

Цагаан-Овоо сум

Дорнод аймаг

Зураг: travel.dornod.gov.mn

Танилцуулга

Цагаан-Овоо сум нь Дорнод аймгийн төв-баруун бүсэд, Дорнод Монголын уудам тал болон Галын голын хөндий хосолсон нутагт оршдог. Буриад, Халх түмний баялаг соёл уламжлалтай, өөрийн хөдөлмөрч бүтээлч амжилтаараа түүхэнд Маршал Х.Чойбалсангийн гарын үсэгтэй мөнгөн сүлд болон “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдаж байсан, мал аж ахуй, хадлан бэлчээрийн арвин нөөц бүхий ууган сумдын нэг юм.

1. Түүхэн тойм, засаг захиргааны үүсэл

  • Үүслийн угшил (1929–1935 он):

    • 1929 онд Халх Нөмрөгийн хошуу татан буугдсаны дараа 1930 онд Яргайт сум байгуулагдаж 1933 он хүртэл оршин тогтносон.

    • Улмаар Саруул гүн, Эрдэнэ гүний хошууны Халхчууд болон Тариалан сумын харьяанд байсан Буриадууд нэгдэн Эрвээхэй Галуут сум (дарга нь М.Очир, нарийн бичгийн дарга нь Молор-Эрдэнэ)-ыг байгуулжээ. Энэ сум 1932–1935 онд Шар шувуут (Түмэндэлгэр) уулын Хүрэн хөндийд төвлөрч байв.

  • Цагаан-Овоо сум байгуулагдсан нь (1935 он):

    • 1935 оны 5 дугаар сарын 19-нд Ардын төлөөлөгчдийн хурал хуралдаж, аймгийн яамны 5 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр Цагаан-Овоо сум (анхны дарга нь Ж.Тойсом, нарийн бичгийн дарга нь Б.Төмөр) албан ёсоор 9 баг, 787 өрх, 2,827 хүн ам, 129,782 толгой малтайгаар байгуулагджээ.

    • 1935 оны зун Эрээнцавын харуулын албанд байсан болон Егүзэр хутагтын шавь байсан 130 орчим өрх нүүдэллэн ирснээр 10 багтай болсон.

    • Тэр намар нь Хужиртааны 80 орчим буриад өрх Түмэндэлгэр сумаас шилжин ирснээр 11 багтай болж өргөжсөн байна.

  • Түүхэн гавьяа, шагналууд:

    • Ажил үйлсээрээ улс, аймгийн хэмжээнд онцгой тэргүүлсэн тул 1943 оны 4 дүгээр сарын 16-нд Маршал Х.Чойбалсангийн гарын үсэгтэй мөнгөн сүлд бүхий гэрчилгээ-гээр шагнагджээ.

  • Нэгдэлжих хөдөлгөөн ба “Галуут” нэгдэл:

    • 1959 онд “Нуга” нэгдэлд түшиглэсэн Цагаан-Овоо сум, “Галуут” нэгдэлд түшиглэсэн Галуут сум болон тусдаа байгуулагдаж байгаад 1960 оны 12 дугаар сард нэгдэн Цагаан-Овоо сум, Галуут нэгдэл (дарга нь Д.Батхуяг) болон зохион байгуулагдсан.

    • Үйлдвэрлэл, барилгажилт, эдийн засгийн өндөр үзүүлэлтээрээ улсад манлайлсан тул БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1969 оны 272 дугаар зарлигаар “Галуут” нэгдлийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан түүхтэй.

  • Нийгмийн салбаруудын үүсэл:

    • 1930-аад оны дунд үеэс мал эмнэлгийн салбар (бага эмч нь Ж.Дамдин, 1961 оноос их эмчийн тасаг болсон).

    • 1935 онд Баянголд “Зун цагийн бага сургууль” байгуулагдаж, 1940 онд жинхэнэ бага сургууль (захирал нь О.Махиалай), 1967 онд 7 жилийн сургууль, 1990 онд 10 жилийн бүрэн дунд сургууль болсон.

    • 1938 онд хүний эмнэлгийн салбар үүсгэн байгуулагдсан.

2. Газарзүйн байршил, байгалийн тогтоц

  • Байршил: Дорнод аймгийн баруун төв хэсэгт оршдог.

    • Сумын төв Хөөврийн нуур суурин нь аймгийн төв Чойбалсан хотоос баруун хойш 130 км;

    • Нийслэл Улаанбаатар хотоос 560 км зайд байрладаг.

  • Газар нутгийн талбай: Нийт 650,200 га (6,502 км²). Үүнээс:

    • Бэлчээрийн талбай: 353,215 га

    • Хадлангийн талбай: 63,380 га

    • Тариаланд тохиромжтой талбай: 4,046 га

  • Өндөржилт, гадаргын хэв шинж:

    • Нутгийн баруун хойд хэсгээрээ Үст (1,388 м), Биндэр (1,190 м), Алтач (1,043 м) зэрэг нам уулстай.

    • Ихэнх нутаг нь Дорнод Монголын уудам тэгш тал, урд хэсэг нь Галын голын хөндийгөөр тодорхойлогдоно. Барилгын түүхий эдийн баялаг нөөцтэй.

  • Ус зүй: Хэрлэн гол урсах бөгөөд Галуут, Хөөвөр, Гүн цэнгэлэг зэрэг том, жижиг нуур тойромтой.

  • Хөрсний бүтэц: Нугын үлдмэл, нимгэн, мараалаг хар хүрэн хөрстэй.

3. Цаг уурын төлөв

  • Уур амьсгал: Эх газрын эрс тэс, тал хээрийн хуурай сэрүүн уур амьсгалтай.

  • Температур:

    • 1 дүгээр сарын дундаж температур: -18°C

    • 7 дугаар сарын дундаж температур: +20°C

  • Тунадас: Жилийн дундаж хур тунадасны нийлбэр 200–250 мм орчим байдаг.

4. Биологийн олон янз байдал, тахилгат уулс

  • Ургамлын нөмрөг: Хойд хэсгээрээ үетэн, алаг өвс, өмнөд хэсгээр харгана, жижиг бутлаг үетэн, хиаг, хялгана бүхий малын шимт бэлчээртэй. Салангид хусан төгөл, ойн зураануудтай.

  • Амьтны аймаг: Дорнодын талын цагаан зээр сүрэглэдэг. Бор гөрөөс, чоно, үнэг, хярс, мануул, тарвага зэрэг ан амьтад, тал хээр болон усны олон зүйлийн шувуудтай.

  • Шүтээн уул овоо: Түмэндэлгэр, Түшлэгийн овоо, Чандмань, Бадрахын овоо зэрэг тахилгат уул овоотой.

5. Нийгэм, эдийн засгийн байдал

  • Хүн ам: 3,987 хүн (2025 оны байдлаар, ҮСХ)

  • Малын тоо толгой: 284,002 толгой (адуу 41,481, үхэр 30,227, тэмээ 468, хонь 127,241, ямаа 84,585; 2025 оны тооллогоор, ҮСХ)

  • Хадлан бэлтгэл: 63,000 гаруй га хадлангийн талбайтай бөгөөд аймаг болон зэргэлдээ сумдын өвс тэжээлийн баазад үнэтэй хувь нэмэр оруулдаг.

  • Нийгмийн дэд бүтэц:

    • Сумын төвд 10 жилийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, хүүхдийн цэцэрлэг, хүний их эмчийн салбар, Соёлын төв үйл ажиллагаа явуулж байна.

    • Төвийн эрчим хүчний систем болон үүрэн телефоны өндөр хурдны сүлжээнд холбогдсон.