Travel Hub Mongolia
Цасан оргилтой уулын бэлд бэлчиж буй цагаан морь, хол гэрүүд
Монголыг нээ

Монголын тухай

Мөнх хөх тэнгэрийн орон, нүүдэлчдийн өлгий нутгийн газарзүй, түүх, өнөөгийн амьдралын тухай товч танилцуулга.

XVII–XIX зууны Монгол

Зүүн гарын хаант улс

1. Зүүнгарын хаант улсын үүсэл ба Галдан бошигт хаан

Дөрвөн Ойрадын дотроос Цорос аймгийн Эрдэнэбаатар хунтайж (1635–1653) Ил, Эрчис мөрний сав газарт суурилан 1635 онд Зүүнгарын хаант улсын суурийг тавьжээ.

Түүний зургадугаар хүү Галдан (1644–1697) бага насандаа Төвөдийн Лхаст очиж V Далай ламын дэргэд шавилан шашны ном судалж байв. 1670 онд түүний ах Сэнгэ хаан дотоодын хуйвалдаанаар алагдахад Галдан цаазын дээлийг тайлж тал нутагтаа эргэн ирж, самууныг дарж төрийн эрхийг авчээ. 1678 онд V Далай ламаас түүнд "Бошигт хаан" (Тэнгэрийн тааллыг авчирсан хаан) цол олгосноор Монголын түүхэнд алтан ургийн бус хэрнээ бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хаадын нэг болов.

2. Төв Азийг нэгтгэсэн нь ба Засаг захиргаа

Галдан хаан эхлээд баруун өмнөд зүгт цэрэглэн, 1678–1684 оны хооронд Дорнод Туркестан (Таримын хотгор)-ын Кашгар, Яркенд, Хами, Турфан хотуудыг, улмаар Казах, Киргизийн тал, Сайрам, Ферганы хөндийг эрхшээлдээ оруулж, эзэнт гүрнээ Төв Азийн худалдааны зангилаа болгов.

  • Захиргааны шинэчлэл: Зүүнгарын улс хот айл, 10 өрх, 20 өрх, 40 өрх бүхий Отог (хошуу)-ны тогтолцоотой байв. Отгийн захирагчийг "Зайсан", жижиг нэгжийн толгойлогчийг "Дэмч" гэдэг байв.

  • Төрийн алба ба бичиг соёл: Төрийн албан хэрэгт Зая бандида Намхайжамцын зохиосон Тод бичиг-ийг өргөн хэрэглэж байснаас гадна Галдан хаан Монголын дөрвөлжин болон Төвөд үсэг бүхий алтан тамгуудыг ашиглаж байв.

  • Эдийн засаг: Сүм хийдийн сан болох "Жас"-ыг бэхжүүлж, уран дархчуудаар зэвсэг хийлгэх 1000 өрх бүхий тусгай "Буучин" отгийг байгуулан, тал нутгийн суурин тариалан, уул уурхайг хөгжүүлжээ.

3. Манжтай хийсэн дайн ба Зуунмодны эмгэнэл

Галдан бошигт бүх Монгол туургатныг нэгтгэн Их гүрний сүр хүчийг сэргээхийг зорьж, 1688 онд Халхын Түшээт хан, Засагт ханы зөрчлийг далимдуулан Халхын нутагт их цэргээр цөмрөн оров. Энэхүү дайн нь Халхын дөрвөн аймгийг Манжид дагаар орох (1691 оны Долоннуурын чуулган) шалтгаан болгожээ.

Манжийн Энх-Амгалан хаан Галданг дарахаар их цэрэг дайчилж:

  • Улаан бутангийн тулаан (1690 он): Бээжингээс холгүй газарт Галдан Манжийн их цэрэгтэй тулгарч, тэмээн бэхлэлтийн тусламжтайгаар тэнцвэртэй байлдаж ухарсан.

  • Зуунмодны тулаан (1696 оны 5 сарын 13): Тэрэлжийн Зуунмодод Манжийн хоёр замын 100 мянга гаруй цэрэг Галдангийн 30 мянга хүрэхгүй цэргийг хүрээлэн их буугаар цохив. Энэ тулаанд Галдангийн үнэнч хатан Ану хатан өөрийн биеэр хуяг өмсөн дайрч, амь үрэгдэн байж нөхрөө бүслэлтээс гаргасан түүхтэй.

Арын нутаг Зүүнгарыг нь түүний ач дүү Цэвээнравдан булаан авсан тул түшиц газаргүй болсон Галдан хаан 1697 онд Алтайн нурууны Ачаа Амарт өвчнөөр таалал төгссөн билээ.

4. Зүүнгарын сэргэлт — Цэвээнравдан ба Галданцэрэн хаад

Галдангийн дараа хаан ширээнд суусан Цэвээнравдан (1697–1727) болон түүний хүү Галданцэрэн (1727–1745) нарын үед Зүүнгарын хаант улс сэргэн мандалтынхаа дээд цэгт хүрсэн:

  • Технологийн хувьсгал: Шведийн офицер Юхан Густав Ренатын тусламжтайгаар Зүүнгарт их бууны цутгуур, дарины үйлдвэр, уул уурхай, төмрийн үйлдвэрүүдийг орчин үеийн шатанд гаргав. Зүүнгарын арми тэмээнд ачдаг хөнгөн их буу, цахиур буугаар бүрэн зэвсэглэсэн тухайн үеийн Азийн хамгийн хүчирхэг морин арми болжээ.

  • Газар нутаг ба Гадаад бодлого: Төвөдийг 1717–1720 онд түр эзэлж, Манж болон Оросын экспедицүүдийг удаа дараа бут ниргэн хил хязгаараа хамгаалж байв. Тус улс нь Зүүнгар (Хойд Шинжаан), Долоон мөрөн, Зүүн Казахстан, Киргиз, Өмнөд Сибирь хүртэл 3 сая орчим хавтгай дөрвөлжин км газар нутгийг эрхшээж байв.

5. Дотоодын хагарал ба Зүүнгарын сүйрэл (1755–1758 он)

1745 онд Галданцэрэн хаан таалал төгссөнөөр хаан ширээний төлөөх харгис дотоод хямрал эхэлжээ. Даваач, Амарсанаа, Ламдаржаа нарын ноёд эрх мэдлийн төлөө бие биетэйгээ цуст тулаан хийж, улмаар Амарсанаа 1754 онд Манжийн Тэнгэр тэтгэгч (Цяньлун) хаанд дагаар орж, Манжийн цэргийг газарчлан авчирчээ.

1755 онд Манжийн 50 мянган цэрэг Зүүнгарын нутагт эсэргүүцэлгүй нэвтрэн Даваач хааныг баривчилсан боловч Манжийн хаан Зүүнгарыг дөрвөн ханлиг болгон хувааж өөрийг нь бүх Ойрадын хаан болгосонгүйд дургүйцсэн Амарсанаа бослого гарган тэмцсэн боловч ялагдаж Орост зугтан гарч нас баржээ.

Үүний дараа Манжийн хааны хатуу чанга тушаалаар:

  • Манжийн их цэрэг 1755–1758 оны хооронд Зүүнгарын нутагт хүйс тэмтрэх аймшигт яргалал үйлдэж, Ойрадын 600 гаруй мянган хүн амын 80 орчим хувийг зэрлэгээр устгаж, амь үрэгдүүлжээ. Дээрээс нь цагаан бурхан (салхин цэцэг) өвчин дэгдэж үлдсэн ард түмнийг сүйрүүлсэн байна.

  • Эзгүйрсэн газар нутагт нь Манжийн төр манж, хятад цэрэг, лалын шашинт уйгур (хотон), дунгануудыг нүүлгэн суулгаж, 1768 онд уг нутгийг "Шинжаан" (Шинэ хязгаар) хэмээн нэрийдэн Чин гүрний шууд мэдэлд авсан юм.

Зүүнгарын хаант улс мөхсөнөөр Ази тивийн нүүдэлчдийн 2000 гаруй жилийн түүхтэй төрт улсуудын эрин үе эцэслэгдэж, бүх Монгол туургатан бүрэн харийн хараат болох гунигт хувь тавилантай нүүр тулсан билээ.

← Монголын түүх рүү буцах