Travel Hub Mongolia
Цасан оргилтой уулын бэлд бэлчиж буй цагаан морь, хол гэрүүд
Монголыг нээ

Монголын тухай

Мөнх хөх тэнгэрийн орон, нүүдэлчдийн өлгий нутгийн газарзүй, түүх, өнөөгийн амьдралын тухай товч танилцуулга.

Монголын эзэнт гүрэн

Юань гүрний элч Марко Поло

1. Поло нарын анхны аялал ба Хоёр дахь аяны эхлэл (1271 он)

Венецийн худалдаачин Никколо Поло, Маффео Поло нар 1260-аад оны эхээр худалдааны хэргээр Дорно зүгт мордож, Алтан Ордны улс, Бухар хотоор дайран 1266 онд Их хаан Хубилайн ордонд анх хүрч байжээ. Их хаан тэднийг элэгсэг хүлээн авч, Ромын Пап ламд илгээх захидал гардуулан буцаасан юм.

Тэд 1269 онд нутагтаа буцаж ирээд, 1271 онд Никколо өөрийн 17 настай хүү Марко Поло (1254–1324)-г дагуулан дахин Дорно зүгийг зорьжээ. Тэд замдаа шинээр сонгогдсон Ромын Пап X Григорий-гоос Их хаанд зориулсан захидал, бэлэг сэлтийг хүлээн авч, Ойрхи Дорнод, Армени, Перс, Памирын өндөр уулс, Такламаканы цөл, Шинжааны Торгоны замаар 3 жил гаруй аялсаар 1275 онд Хубилай сэцэн хааны зуны нийслэл Шанду хотноо хүрч бараалхсан байна.

2. Их хааны албанд 17 жил зүтгэсэн нь

Сэргэлэн, ажигч гярхай залуу Марко хурдан хугацаанд монгол хэл, бичиг соёл болон дорно дахины зан заншилд суралцсан тул Их хааны онцгой итгэлийг хүлээжээ.

  • Хубилай хаан түүнийг зөвхөн ордны түшмэл төдий бус, гадаад дотоодод илгээх тусгай итгэмжит төлөөлөгч, тагнуулчаар томилон Юань гүрний олон муж, тухайлбал Юннань, Сычуань, Төвөд, өмнөд Хятадын боомт хотууд руу илгээж байв.

  • Марко Поло өөрийн тэмдэглэлдээ Янчжоу (Янчу) хотын захиргаанд хэдэн жил ажилласан тухайгаа дурддаг бөгөөд монголчуудын зохион байгуулсан шуудан өртөөний найдвартай систем ("Өртөө"), анх удаа хэрэглэж буй "Чао" хэмээх цаасан мөнгө, хар чулууг (нүүрс) түлшинд ашиглаж буй зэрэг тухайн үеийн Европт төсөөлөгдөшгүй дэвшилтэт соёлыг нарийн ажиглан бичиж үлдээжээ.

3. Нутаг буцсан түүх ба Хөхөчин гүнжийн даалгавар (1291–1295 он)

Хубилай хаан насан өндөр болоход Пологийн гэр бүлийнхэн эзэнт гүрний ирээдүйн улс төрийн тогтворгүй байдлаас эмээн нутаг буцахыг хүсэх болжээ. Гэвч хаан тэднийг тавьж явуулах дургүй байв.

Тэр үед Перс дэх Эл хант улсын Аргун хаанаас хатан нь таалал төгссөн тул Чингис хааны алтан ургаас шинэ хатан буулгахаар илгээсэн элч нар Дайду хотод иржээ. Хубилай хаан Баяуд аймгийн Хөхөчин гүнж-ийг сонгож сүй тавьсан бөгөөд газрын зам эрсдэлтэй байсан тул далайн замыг сонгов. Далайн аялалд гаргуун Поло нарыг гүнжийн аюулгүй байдлыг хангах дагалдагчаар томилжээ.

1291 онд тэд өмнөд Хятадын Зөйтүн боомтоос 14 том онгоц, хэдэн зуун цэрэг дагалдагчтай хөдөлж, Вьетнам, Малай, Индонези, Шри Ланка, Энэтхэгийн эргээр 2 жил гаруй аялсаар 1293 онд Персийн булангийн Ормуз боомтод очсон байна. Зам зуурын хүнд хэцүүгээс олон хүн өвчнөөр нас барсан ч Хөхөчин гүнж болон Поло нар эсэн мэнд хүрсэн юм. Аргун хаан аль хэдийн нас барсан байсан тул гүнж Хөхөчинг түүний хүү, залгамжлагч Газан хаан-д ёс төгөлдөр хатан болгон өгчээ. Поло нар тэндээсээ Тэбриз, Трапезунд, Константинополоор дамжин 1295 онд төрөлх Венец хотдоо 24 жилийн дараа эсэн мэнд эргэн ирсэн түүхтэй.

4. Шоронгийн дурсамж ба Их аяллын тэмдэглэл

1298 онд Венец болон худалдааны өрсөлдөгч Генуя хотын хооронд Курцола арлын дэргэд тэнгисийн ширүүн тулалдаан болж, Марко Поло усан цэргийн захирагчаар оролцож яваад генуячуудад олзлогджээ.

Генуягийн шоронд хоригдож байхдаа тэрээр хамт хоригдож байсан бичгийн хүн Рустикелло (Rustichello da Pisa)-д Ази тив, Их Монгол Улсын ордон, соёл иргэншлийн тухай гайхалтай аяллаа ярьж өгсөн юм. Рустикелло түүнийг франц-итали хэлээр эмхэтгэн бичсэнээр хожим алдаршсан "Дэлхийн сонин хачин" (Livre des Merveilles du Monde) буюу "Саятны тэмдэглэл" (Il Milione) ном төржээ.

1299 онд суллагдсан Марко Поло Венецдээ буцаж очин гэр бүл болж, худалдаа наймаагаа эрхлэн 1324 онд 70 орчим насандаа таалал төгссөн билээ.

5. Дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөө

Эхэндээ Европынхон түүний номыг "хэтрүүлэгтэй худал үлгэр" хэмээн үздэг байсан ч сүүлдээ Дорно дахины газар зүй, баялаг, соёлын хамгийн үнэн бодит эх сурвалж болох нь батлагдсан юм:

  • Аугаа газар зүйн нээлтүүд: Марко Пологийн тэмдэглэл дэх Дорно зүгийн халуун ногоо, алт торго, Японы (Зипангу) тухай мэдээлэл нь Европын далайчдад асар том урам өгсөн. Ялангуяа Кристофер Колумб уг номыг хувийн номын сандаа ширээний номоо болгон, захаар нь олон тооны тэмдэглэгээ үйлдэн нягталж судалсан байдаг бөгөөд 1492 онд өрнө зүг рүү Атлантын далайг гатлан Азид очих оролдлого хийснээр Америк тивийг санамсаргүй нээсэн түүхтэй.

  • Монголын түүхийн үнэт баримт: Түүний бичвэр нь Юань гүрний өдөр тутмын амьдрал, Хубилай хааны дүр төрх, зан чанар, Монголын эзэнт гүрний засаглалын тогтолцоог гаднын хүний нүдээр бодитой үнэлэн үлдээсэн дэлхийн түүхийн хамгийн чухал сурвалжуудын нэг болсон билээ.

← Монголын түүх рүү буцах