Travel Hub Mongolia
Цасан оргилтой уулын бэлд бэлчиж буй цагаан морь, хол гэрүүд
Монголыг нээ

Монголын тухай

Мөнх хөх тэнгэрийн орон, нүүдэлчдийн өлгий нутгийн газарзүй, түүх, өнөөгийн амьдралын тухай товч танилцуулга.

Орчин үеийн Монгол Улс

Монгол Улсын төрийн одон, Ёслол хүндэтгэлийн өргөө

1. Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор (2006 он)

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Төрийн ордны урд талын хуучин бунхант индрийг буулгаж, сууринд нь Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор-ыг сүндэрлүүлсэн түүхтэй.

  • Шав тавих ёслол (2005 он): Барилгын шав тавих газарт газар усны эздийг аргадах зан үйлээр Чингис хааны амьдрал, тэмцэлтэй салшгүй холбоотой Дэлүүн болдог, Бурхан Халдун, Хэрлэнгийн хөдөө арал, Аураг орд, Хархорум, Хөвсгөл нуур зэрэг түүхэн 88 газрын хөрс шороо, усны дээжийг тусгай бумбанд залан оршоожээ.

  • Уран баримлын цогцолбор: Төслийн ерөнхий уран барималчаар УГЗ Л.Болд ажиллаж, Монголын Урчуудын Эвлэлийн уран бүтээлчид урлан бүтээсэн:

    • Төв хэсэгт: Сүрлэг сэнтийд заларсан Их эзэн Чингис хааны суумал хүрэл хөшөө;

    • Баруун жигүүрт: Их Монгол Улсын хоёр дахь Их хаан Өгэдэй хаан, түүний урд баруун түмнийг захирагч Хүлэг Боорчийн морьт хөшөө;

    • Зүүн жигүүрт: Юань гүрнийг үндэслэгч Хубилай сэцэн хаан, түүний урд зүүн түмний захирагч Го ван Мухулайн морьт хөшөө сүндэрлэдэг.

  • Шилэн зураг ба Галерей: Баганат галерейн хоёр жигүүрт орчин цагийн шилэн урлагийн өвөрмөц технологиор бүтээсэн 18.2 х 7.2 метр хэмжээтэй “Монгол угсаатны төр улсууд” болон “Их Монгол Улс – Эзэнт гүрэн” хэмээх түүхэн том шилэн мозайк ханын зургууд байрладаг.

  • Төрийн ёслол хүндэтгэлийн их танхим: Цогцолборын дээд давхарт Монгол төрийн гол шүтээн Есөн хөлт Их цагаан туг сүлд байнгын байрлалд залардаг. Энэхүү танхимд гадаадын төр засгийн тэргүүнүүдийг угтах, Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичиг барих, Төрийн дээд цол, "Чингис хаан" одон болон бусад төрийн дээд шагнал гардуулах, Төрийн хан хуур цэнгүүлэх түүхэн ёслолууд явагддаг.

2. Төрийн ордны түүх ба өргөтгөлүүд (1951 оноос хойш)

Төрийн ордон баригдахаас өмнө Засгийн газар нь одоогийн МУБИС-ийн төв байр болон бусад түр байруудад ажиллаж байв.

  • Анхны барилга угсралт (1947–1951 он): Ерөнхий сайд Х.Чойбалсангийн шийдвэрээр барилгын төслийг ЗХУ-аас авчирч, комиссын даргаар Ч.Сүрэнжав ажилласан. Зураг төслийн дасан зохицолтыг монгол инженер Б.Мотоо, уран барималч Д.Чоймбол нар хийсэн бөгөөд 1951 онд барилга бүрэн ашиглалтад орсон байна.

  • Нэг дэх өргөтгөл (1957–1961 он): Зураг төслийг Болгарын архитекторууд хийж, нийт засал чимэглэл, цахилгаан, холбоог Чехословак, ЗХУ, БНХАУ, Зүүн Германы мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр барилгын цэргийн ангиуд гүйцэтгэн ордны багтаамжийг тэлжээ.

  • Хоёр дахь өргөтгөл (1981 он): Монгол архитектор Г.Лувсандоржийн зураг төслөөр ордны арын өргөтгөл, 1200 хүний суудалтай Их танхим, шууд орчуулгын систем, инженерийн шугам сүлжээг бүрэн шинэчилсэн.

Өнөөдөр Төрийн ордон нь 35 мянга гаруй ам метр талбайтай бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, түүний Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зэрэг төрийн гол байгууллагууд байрладаг.

3. Төрийн хүндэтгэлийн өргөө гэр

Төрийн ордны доторх тусгай задгай талбайд байрлах 10 ханатай, давхар бүрээстэй Төрийн өргөө гэр нь үндэсний уламжлалт төрт ёсны бэлгэдэл юм:

  • Гэрийн ханыг хүрэн зандан модоор урлаж, түмэн насан хээгээр битүү сийлбэрлэсэн.

  • Төв дундаа Төрийн тулгыг байрлуулж, баруун, зүүн жигүүрт төрийн дээд хүндэтгэлийн зочдод зориулсан сийлбэрт сэнтийт түшлэгүүд байдаг. Энэхүү өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар гадаадын төр, засгийн тэргүүн нарыг үндэсний ёс заншлаар хүлээн авч уулздаг.

4. Хуучин Бунхант индэр (1954–2005 он)

Төрийн ордны өмнө 1954 онд архитектор Б.Чимэдийн зураг төслөөр Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунхант индрийг цагаан гантиг чулуугаар өнгөлөн босгосон байв. Социализмын жилүүдэд намын болон улсын баяраар нам, төрийн удирдагчид уг бунхант индэр дээрээс жагсаал, парадыг хүлээн авдаг байв.

2005 онд төр, шашны дэг жаягийн дагуу удирдагчдын шарилыг Алтан-Өлгийн үндэсний оршуулгын газарт тусгай бунханд шилжүүлэн залж, бунхант индрийг буулгаснаар өнөөгийн сүрлэг Чингис хааны хөшөөт Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор сүндэрлэх орон зай бүрдсэн билээ.

← Монголын түүх рүү буцах