Travel Hub Mongolia
Цасан оргилтой уулын бэлд бэлчиж буй цагаан морь, хол гэрүүд
Монголыг нээ

Монголын тухай

Мөнх хөх тэнгэрийн орон, нүүдэлчдийн өлгий нутгийн газарзүй, түүх, өнөөгийн амьдралын тухай товч танилцуулга.

XVII–XIX зууны Монгол

Халх Монгол

1. "Дөчин дөрөв", "Арван түмэн" ба Даян хааны Зургаан түмэн

XIV зууны хоёрдугаар хагаст буюу Юань гүрний уналтын дараа монголчууд газар зүй, улс төрийн бүтцээрээ:

  • Зүүн Монголын "Дөчин түмэн" (Монгол тал хээр),

  • Баруун Монголын "Дөрвөн түмэн" (Ойрад түмэн) болон ялгарч, нийтэд нь "Дөчин дөрвийн хоёр" хэмээн нэрийдэж байв.

Улмаар XV зууны сүүлээр Батмөнх Даян хаан (1470–1517) төр барих үедээ Зүүн Монголыг засаг захиргааны хувьд Зургаан түмэн болгон нэгтгэж, Ойрадын дөрвөн түмэнтэй хамтатган зарим сурвалжид "Арван түмэн Монгол" хэмээн тэмдэглэжээ.

Даян хаан Зургаан түмнээ хоёр том жигүүрт хуваав:

  • Зүүн гурван түмэн (Их хааны шууд эзэмшил): Цахар, Халх, Урианхай;

  • Баруун гурван түмэн (Угсаа залгамжлах Жононгийн эзэмшил): Ордос, Түмэд, Юншөөбүү.

Энэ үед Халх түмэн нь өмнө зүгийн 5 отог, умард зүгийн 7 отог буюу нийт 12 отгоос бүрдэж байснаас үүдэн Өвөр Халх ба Ар Халх хэмээх түүхэн ялгарал үүсчээ. Арын 7 отгийг Жалайр, Бэсүд, Илжгэн, Горлос, Хөхүйд, Хатагин, Урианхай нар бүрдүүлж байсан бөгөөд цаг хугацааны эрхээр бусад овгууд нэгдэн суурьшиж нэгэндмэл Халх ястан бүрэлдэх угтал болсон юм.

2. Гэрсэнз жалайр хунтайж ба Халхын гурван аймгийн үүсэл

Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайж (1513–1549) өөрийн харьяат Ар Халхын долоон отгийг долоон хөвгүүндээ өмчлүүлэн хувааж өгснөөр Халхын долоон хошуу үүсчээ. Эдгээр хошуу нь дотроо хоёр жигүүр болов:

  • Баруун гар: Ууган хүү Ашихай дархан тэргүүтэй хөвгүүд Хангай, Алтайн завсраар суурьшив.

  • Зүүн гар: Гутгаар хүү Онохуй Үйзэн ноён тэргүүтэй хөвгүүд Хангайгаас Халх гол хүртэл нутаглав.

XVI зууны сүүлч, XVII зууны эхээр Төвөдөөс Бурханы шашны шарын (Гэлүгба) урсгал хүчтэй дэлгэрэх үед Гэрсэнзийн удмын ач, гуч нар шашны их цол хэргэмийг хүлээн авч бие даасан гурван том аймгийн эхлэлийг тавив:

  • Засагт хан аймаг: Ашихай дарханы ач Баяндарь 1580-аад онд анхлан "Эрдэнэбишрэлт Засагт хан" цол авч Баруун гарын Халхыг тэргүүлжээ.

  • Түшээт хан аймаг: Онохуй Үйзэний хүү Абтай сайн хан III Далай ламаас "Вачирбат тулгар Очиррай сайн хан" цол авч, Эрдэнэ зуу хийдийг босгон Зүүн гарыг толгойлсон бөгөөд түүний ач Гомбодоржоос эхлэн "Түшээт хан" нэрээр үе улиран суужээ.

  • Сэцэн хан аймаг: Гэрсэнзийн хоёрдугаар хүү Аминдуралын ач Шолой өөрийгөө "Махасамади Сэцэн хан" хэмээн өргөмжилж Халхын дорнод хэсгийг захирах болов.

Энэхүү гурван ханлиг тогтсон нь Монголын хамгийн том нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж болох "Аймаг"-ийг үүсгэсэн байна.

3. Манжийн ноёрхол ба Хошууны зохион байгуулалт (1691 оноос хойш)

1688 оны Зүүнгар-Халхын дайны уршгаар Халхын ноёд 1691 онд Долоннуурын чуулган дээр Манж Чин гүрний харьяанд албан ёсоор оржээ. Манжийн хаад Халхын нэгдмэл хүчийг задлахын тулд уламжлалт том аймгуудыг жижиг хэсгүүдэд хуваан "Хошуу-Сум"-ны цэрэг-захиргааны тогтолцоог нэвтрүүлсэн юм.

  • 1691 онд Халхыг анх 34 хошуу болгон хуваав (Түшээт ханд 17, Сэцэн ханд 11, Засагт ханд 6 хошуу).

  • Сайн ноён хан аймаг байгуулагдсан нь (1725 он): Зүүнгарын дайнд Манжийн төрд онцгой зүтгэсэн Эфү Цэрэнд Манжийн Найралт төв (Юнчжэн) хаан "Сайн ноён хан" цол олгож, Түшээт хан аймгаас 19 хошууг таслан өгснөөр Халхын дөрөв дэх аймаг үүссэн түүхтэй.

Ийнхүү Ар Монголд:

  • Дөрвөн аймаг: Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан, Сайн ноён хан аймаг,

  • Хязгаарын цэргийн захиргааны мужууд: Ховдын хязгаар, Улиастайн жанжны газар, Тагна-Урианхайн хязгаар, Хөвсгөлийн хязгаар, тусгай алба бүхий Дарьганга хошуу болон хуваагджээ.

Хошуу дотроо цэргийн алба хаах үүрэгтэй эрчүүдийг багтаасан Сум (150 цэрэг гаргах чадвартай өрхүүд) болон ноёдын хувийн албат болох Хамжлага ард гэж ялгарч байв. Баг нь өдөр тутмын хэрэгцээнд ойролцоогоор 10–20 өрхөөс бүрдэж байжээ.

4. Эрдэнэ Шанзудбын яам ба Их Шавь

Энэхүү дөрвөн аймгаас ангид, нутаг дэвсгэрийн хувьд тодорхой тогтсон хил хязгааргүй боловч хүн ам, эдийн засгийн хувьд асар том нэгж нь Их Шавь байв:

  • Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарт Халхын ноёдоос өргөсөн шавь өрхүүдийг Манжийн төр хэвээр хадгалж, Эрдэнэ Шанзудбын яам-нд харьяалуулан захируулжээ. Тэд цэргийн алба, өртөө харуулын албанаас чөлөөлөгдөж, зөвхөн Богд гэгээний хүрээ, сүм хийдэд алба өргөдөг байв.

  • Шавийн тоо өсөж, отог овгуудад хуваагдсан бөгөөд Монголын нутаг дахь шашны нөлөө бүхий бусад том хутагтуудын шавийн тоо 700 хүрсэн тохиолдолд Манжийн хаанаас тусгай тамга олгодог байжээ. Үүний үр дүнд Халхад Жавзандамба хутагтаас гадна тамгатай 13 хутагт тодрон гарч, шашин-захиргааны бие даасан эрх эдэлж байсан юм.

1691 онд 34 хошуу байсан Халхын хошуудын тоо дотооддоо салбарлан хуваагдсаар 1725 онд 75, улмаар 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал мандах үед Халхын дөрвөн аймаг нийт 86 хошуутай, засаг захиргааны хил нь хөндлөн бус, хойноосоо урагш өвөлжөө, зуслангийн уртрагийн дагуу сунасан бүтэцтэй болон төлөвшсөн билээ.

← Монголын түүх рүү буцах