Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Ямаан усны бичээс

Монгол улсын нутаг дэвсгэрт 22 хэсэг түрэг бичээс байгаагаас Үенч сумын төвөөс 25км-т орших Ямаан усны хавцал дахь ханан хадны бичээс нь түүхийн нэн ховор дурсгалд зүй ёсоор багтаж байна.

Энэхүү хавцал нь хоёр талаасаа эгц хадан ханаар хашигдсан. Дундуур нь горхи урсдаг. Харин уг горхиноос янгир ямаа ундаалдаг учраас Ямаан ус гэж нэрлэх болжээ. Хавцлын хананд янгир, буга, зээр, бөхөн, чоно зэрэг амьтад, найман хигээс бүхий дугуйтай морин тэргэнд суусан хүн, нум сум агссан анчид, нум сум харваж байгаа хүний араас сүх далайн цохих гэж буй дайн тулааны шинжтэй дүрслэл зургууд байдаг байна.

Энэхүү зурагнаас Монгол нутагт язгууртнууд морин тэрэг хэрэглэж байсан гэдгийг нотлох боломж гарчээ. Мөн тэрэгний урд замчилж хөтөлсөн зэвсэгтэй хүн, ард нь морьтой дагасан хүний дүрслэл байгаа тул эрт үеийн язгууртнуудын эрх ямбыг илэрхийлсэн хэмээн үздэг. Уг хаданд нийт 29 зурлага байдгаас дээд талд 13, доод талд 16 үсэг зурлага байдаг аж.

← Мэдээний архив руу буцах