Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

“Шаргалжуут” буюу боржин чулуунаас ундрах 108 рашаан

Шаргалжуутын халуун рашаан нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн түвшнээс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 670 орчим километр зайтай оршдог. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах 108 рашаан бий. Тэдгээр рашаанууд нь манай орны 50 гаруй халуун рашааны дотроос хамгийн халуун, хамгийн их нөөц ундаргатай нь юм. Ихэнхи ундарга нь 60-93 хэмийн халуун, хүхэрлэг, шаварлаг байдаг учраас эмчилгээнд ч хэрэглэдэг. Шаргалжуут хэмээх нэрний учир нь Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа “Их гол” хэмээх голыг гаталдаг байжээ. Нэгэн удаа Манжийн яаралтай мэдээ авч явсан элчийг ирэхэд “Их гол”-ын ус улаанаараа эргэлдэн хөөсөрч байжээ. Үүнээс үүдэн манжууд уг голыг “Шар галзуутын гол” хэмээн нэрийдсэн байна. Нутгийнхан голынхоо нэрийг муухайгаар дуудуулахгүйн тулд “Шаргалжуут” хэмээн зөөллөжээ.

← Мэдээний архив руу буцах