Travel Hub Mongolia
Морин хуурын хөшөө

Морин хуурын хөшөө

Дундговь

Зураг: touristinfocenter.mn

Дундговь аймгийн төвийн Хар овооны тэнд Соёламралтын хүрээлэнд 7 метр 40 сантиметр өндөртэй морин хуурыг 2007 онд бүтээн залжээ. Өргөн нь 1.5 метр бөгөөд 40 сантиметрийн зузаантай. Сийлбэрч Ө.Анхбаяр, дархан Л.Цогзол нар бүтээжээ. Толгойг нь модоор сийлбэрлэн гаргаж, хуурын чавхдасыг төмөр троссоор, их биеийг лист төмрөөр хийж бор шаргал өнгийн боронзон будгаар буджээ.

Морин хуурын хөшөө — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Эртнээс нааш Дундговь аймгийнхан дуу хуураар алдартай билээ. Намжилын Норовбанзад хэмээх ардын уртын дууч маань энэ л нутгаас төрөн гарч, цээл сайхан хоолойгоороо Монголын ард түмнийг нэгэн үеийн туршид уярааж, дэлхийн олон орны улс түмэнд Монгол ардын үндэсний гайхамшигт урлагийг таниулж ирсэн ачтан билээ. Тэрээр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин цол хүртсэн төдийгүй Төрийн соёрхолт хэмээх алдар хүндтэй шагналыг ч зүй ёсоор хүртсэн юм. 1935 онд Улсын алдарт гавъяат жүжигчин цол хүртсэн алдарт уртын дууч Ж.Дорждагва гуай ч мөн адил энэ нутгаас төржээ. Ийнхүү үеийн үед уртын дуу, морин хуураа мөнхлөн үлдээх зорилгоор Дундговьчууд “Уяхан замбуу тивийн наран” уртын дууг гэрэлт хөшөөнд сийлэн Н.Норовбанзад гуайд зориулсан дурсгалын хөшөөг ч бас бүтээжээ. Морин хуур, уртын дуу хоёр салшгүй нэгэн цогц урлагийн ертөнц билээ.

Товч мэдээлэл

Харьяалах аймаг
Дундговь аймаг