Travel Hub Mongolia
Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө
Түүх & өв

Соёл, өв

Монголын уламжлалт соёл, урлаг, ёс заншил, ЮНЕСКО-д бүртгэгдсэн өв.

Зан заншлын нийтлэлүүд

Шашны найман тахил

Буддын шашинд маш их алдаршсан тахил бөгөөд дотоод бэлгэдэл утга нь эгэл хүн хэрхэн Буддын шашинд орж, ном сонсон сайжирч, улмаар гэгээрлийг олдогийг зааж байдаг. Санскрит хэлнээ Аштамангала гэх бөгөөд Ашта нь найман, Мангала нь өлзийт гэсэн утгатай. Эдгээр өлзийт найман тахилын бэлгэдэл нь:

Шашны найман тахил — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Эрдэнийн шүхэр: Бурхан болж гэгээрэхийн тулд хүн Буддын шашинд орох ёстойг бэлгэднэ. Халуун нар болон хур борооноос халхалах учиртай шүхэр нь эгэл хүн Буддын шашинд орж авралд нь багтсанаар нисваанисын халуун энэлэн болон гурван муу заяаны зовлонгоос халхалагдах, аврагдахыг бэлгэддэг. Тэгэхээр эхлээд хүн Буддын шашинд орох хэрэгтэй ажээ.

Шашны найман тахил — зураг 2
Зураг: touristinfocenter.mn

Хос загас: Тунгалаг уснаа дураар сэлэх хос алтан загас нь Буддын шашинд ингэж орсон хүн буяны анд нөхөдтэйгээ эв найртай, энх амгалан байж, бодь зам мөрөөр явах ёстойг бэлгэддэг.

Шашны найман тахил — зураг 3
Зураг: touristinfocenter.mn

Бумба: Дундаршгүй эд баялаг, эрдэнэсийг агуулах бумба нь буддын шашинтан гадаад эд баялгаас илүү дотоод эд баялаг болох хутагтын долоон эд баялгийг чухалчлан хэрэглэх ёстойг заадаг. Хутагтын эд баялагт: сүсэг, шагшаабад, номонд шамдах, бусдад туслах, ичгүүр, сонжуур, билгүүний эд баялаг багтдаг.

Шашны найман тахил — зураг 4
Зураг: touristinfocenter.mn

Бадам цэцэг: Ус шаварнаас ургасан боловч ус шавраар эс бохиртсон бадам цэцэг нь ариун явахыг бэлгэдэх бөгөөд эгэл хүн хэдий зовлонт орчлонд байгаа боловч бодь мөрд орсноор дотроосоо аажим аажмаар ариусан гэгээрэх учиртайг заан сануулдаг.

Шашны найман тахил — зураг 5
Зураг: touristinfocenter.mn

Цагаан лавай: Нар зөв гурав эргэсэн цагаан лавай нь Бурхны хоолойд гурван зураас байдагтай адил тул бурхны зарлиг, ном, эрдэнийг бэлгэднэ. Бурхны шашинтай хүн ном сургаалийг эрхэм болгон улмаар өөртөө ном эрдэнийг буй болгосноор л зовлонгоос шууд аврагдах учиртайг заадаг.

Шашны найман тахил — зураг 6
Зураг: touristinfocenter.mn

Өлзий утас: Гэгээрсэн бурхны зүрхэн тус газар байх бөгөөд энэ нь бурхны олсон санаанд багтамгүй эрдмийг, ялангуяа үйлийн үрийг бүрэн төгс мэдэх билгүүн ухааныг бэлгэднэ.

Шашны найман тахил — зураг 7
Зураг: touristinfocenter.mn

Ялалтын бадаан буюу жанцан: Дөрвөн их шумнас тухайлбал, үхлийн эзний шумнас, цогцын шумнас, мунхаг тэргүүтэн хамаг нисваанисын түйтгэрийн шумнас болон тэнгэрийн хүүгийн шумнас нарыг Бурхан бээр ялан гэгээрснийг бэлгэднэ. Өлзий утас болон ялалтын бадаанаар бэлгэдсэн Бурхны нийт бусын эрдмүүдийг гагцхүү өөрийн сэтгэлд ном эрдэнийг бий болгосноор л олдог ажээ.

Шашны найман тахил — зураг 8
Зураг: touristinfocenter.mn

Найман хигээст алтан хүрд: Ингэж бурхны нийт бусын эрдэм чадлыг олсноор хамаг амьтныг зовлонгоос нь гэтэлгэх чадалтай болдог. Бурхны эрдэм чадлаас амьтанд хамгийн их тустай нь ном сургааль айлдах явдал тул түүнийг номын хүрдээр бэлгэднэ. Найман хигээс нь хутагтын найман мөрөөр явснаар эгэл амьтан бурхан болон гэгээрэхийг заадаг.

← Зан заншлын нийтлэлүүд руу буцах